Таны энэ өдрийн амгаланг айлтгая.
Монгол улсад аюулгүй байдал, харуул хамгаалалтын салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулах, ажил үйлчилгээний чанар, стандартыг олон улсын жишигт хүргэх, нийцүүлэх, энэ салбарт үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын бизнесийн болон хуулиар олгогдсон эрх ашгийг хамгаалах, аюулгүй байдлын шинэ техник технологи, инновацийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, ажилтнуудын сургалт бэлтгэлийг нэгдсэн тогтолцоонд оруулах, төрийн байгууллагуудтай хамтран ажиллах, ажиллагсдын эрх зүйн болон нийгмийн байдлыг дээшлүүлэх чиглэлээр аюулгүй байдал хамгаалалтын байгууллагуудын үйл ажиллагааны нэгдлийг хангахын тулд аюулгүй байдал, хамгаалалтын холбоод их хурлаа 2022 оны 12-р сарын 15-нд хуралдуулж, “Монголын Аюулгүй Байдал, Хамгаалалтын Нэгдсэн Холбоо” ГҮТББ-ыг байгууллаа.
Тус Их хуралд аюулгүй байдал, хамгаалалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 200 гаруй байгууллагын төлөөлөл оролцож, Холбооны Дүрмээ баталсан юм.
Дүрмийн дагуу "Монголын Аюулгүй Байдал, Хамгаалалтын Нэгдсэн Холбоо" нь төр захиргааны болон хууль хяналтын байгууллагуудтай нэг цонхоор нэгдсэн бодлогоор харилцаж, ижил төстэй үйл ажиллагаа бүхий гадаад дотоодын байгууллагуудтай хамтран ажиллах, гишүүд нь ашиг сонирхлоо хамгаалуулах, мэдлэг мэдээллээ хуваалцах, хамтдаа урагшилж хөгжих боломж бүрдлээ.
Гэрээт ба хувийн хамгаалалтын байгууллагуудын эрхэм захирал, удирдлагууд, аюулгүй байдлын эрдэмтэн судлаачид, энэ салбарт бараа бүтээгдэхүүн нийлүүлэгч хуулийн этгээд, хувь иргэн Та бүхнийг тус холбооны үйл ажиллагааг дэмжин, салбарын хөгжилд оюун ухаан, мэдлэг туршлага, санаачлага зүтгэлээрээ хүч нэмж, гишүүнчлэлээр нэгдэн, үр бүтээлтэй, харилцан ашигтай хамтран ажиллахыг уриалж байна.
Холбооны Дүрэм, Удирдах Зөвлөлийн гишүүдийн танилцуулга, Гишүүнээр элсэх журам, Гишүүний анкет, Гишүүнчлэлийн гэрээг хавсралтаар хүргүүлэв.
Та бүхэн нэмэлт мэдээллийг info@msia.mn цахим хаягт асуултаа илгээн авна уу.
ХҮНДЭТГЭСЭН,
ЕРӨНХИЙЛӨГЧ С.ЭНХСАЙХАН
МОНГОЛЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ХАМГААЛАЛТЫН НЭГДСЭН ХОЛБОО